Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч амралтын өдрүүдэд Орхон аймагт ажиллаа. Тэрээр Эрдэнэт хотод хэрэгжиж байгаа Орон сууцны 1А хорооллын төслийн явц, “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийн ажилтай танилцав. Тус парк сургалт, судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах чиглэлээр 2017 онд байгуулагдсан. Одоогоор гагнуурын электрод, хүнд элементийн сорилтын лаборатори, бизнес хөгжлийн төв, дөрвөн улирлын хүлэмж зэрэг 33 үйлдвэрлэл, үйлчилгээ ажиллуулж байна. Ингэснээр орон нутагт ажлын байр бий болох, татварын болон бусад орлого нэмэгдэх зэргээр ахиц дэвшил гарч байна. Цаашид цогцолбор болгож үйлдвэрлэгчид хамтдаа хөгжин, техник, технологийн дэвшилд тулгуурлаж импорт орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьжээ. Үйлдвэрлэл эрхлэгчид өнгөрсөн онд 140 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.
Ерөнхий сайд дараа нь “Бэрэн” металл гангын үйлдвэрээр орлоо. Үйлдвэр 500 орчим ажиллагсадтай. Ган төмөрлөгийг байгалийн хүдрээс боловсруулан гарган авч жилд 200.000 тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал арматур төмрийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, жилд 40.000 айлын орон сууцны арматурын төмөр үйлдвэрлэх боломжтой юм.
Ерөнхий сайд мөн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэр нь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Оны эхний найман сарын байдлаар төлөвлөгөөт зорилтуудаа 100-аас дээш хувиар биелүүлсэн байна. Мөн хугацаанд улс, орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг оруулсан, оны эцэс гэхэд 790 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлэх юм. Бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхээр 2019 оныг хөрөнгө оруулалтын жил болгосон байна. Энэ хүрээнд ордын нөөцийг нэмэгдүүлэх, ил уурхайд мөчлөг урсгалт технологи нэвтрүүлэх, баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, нуруулдан уусгалт, зэсийн баяжмал хайлуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг төсөл хэрэгжүүлэх юм.
Орхон аймагт БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийг СС-35 МВт-ын турбогенератороор өргөтгөх төслийг ирэх онд хүлээлгэн өгөх гэж байна. Монгол Улс эрчим хүчнийхээ хэрэгцээг дотоодоос хангахыг зорьж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлээд ажлаа хугацаанд нь чанартай хийхийг хүсэв.
Энэ үеэрээ “Уурхайчин” соёлын төвд орон нутгийн иргэдтэй уулзан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашдын зорилтын талаар танилцуулсан байна.
Ирэх онд инфляцийн төвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, дотоодын үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх зорилгоор Татварын багц хуулийг хэрэгжүүлэх гэж байгааг тэмдэглэв.
Эрчим хүч, нефть, эрүүл хүнсээр иргэдээ дотоодоос бүрэн хангах нь Засгийн газрын гол зорилт. Энэ нь Монгол Улс туурга тусгаар байхын баталгаа, хөгжлийн үндэс гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Мөн төрийн албан хаагчид "Иргэн төвтэй төрийн үйлчилгээ"-г чанартай, түргэн шуурхай хүргэж, иргэддээ тэгш үйлчилж байхыг онцгойлон анхааруулав.
Ерөнхий сайд тус аймагт ажиллах үеэрээ Эрдэнэт хотын үерийн даланг Европын сэргээн босголтын банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн 14 сая ам.доллараар иж бүрэн барихаар шийдвэрлэв. Мөн Эрдэнэт хотын 1А хорооллын инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудлыг судлан хамтран шийдвэрлэхийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад үүрэг болгов