Хууль тогтоох дээд байгууллага ээлжит сонгуулиас өмнө таран бутрах, төрийн дээд суудалд суух 76 эрхмийг дахин сонгох асуудал хүчтэй яригдаж эхлэв. Төрийн ордонд хууль тогтоон суугаа түшээд маань үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт бужигналдаж байна. Ээлжит бус чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн, ард нийтийн санал асуулга явуулах болсонтой үүнийг холбон тайлбарлаж байна.
Санал асуулга явуулахад сонгууль явуулах хэмжээний хөрөнгө зарах гэж байгаа юм байх. Тиймээс л ийм шийдэлд хүрэхээр завдаж байна гэх бор шувууг нисгэжээ. Өндөр дээд үүрнээс ниссэн бор шувуу ч уг мэдээллийг нийгэмд түгээх үүргээ маш сайн гүйцэтгэлээ. Гэхдээ жил хүрэхгүй хугацааны дараа ээлжит сонгуультай золгох гэж байхад юунд парламентаа тараах шийдвэр гаргах гээд байгаа юм бол гэсэн асуулт үүсэв. Мөн ямар ч шийдвэрийг дангаар гаргах чадамжтай МАН-ын зүгээс үүнийг хийхийн шалтаг гэж бий. Үүнд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа нь лавтай.
Өнөөдөр Монгол Улсын санхүүгийн авдар тийм арвин баялаг бус байгаа. Үүнтэй уяж авч үзвэл Ард нийтийн санал асуулгад 20-30 тэрбумыг зарчихаад ирж буй сонгуульд дахин ийм хэмжээний хөрөнгө зарах нь төсөвт хүндрэл учруулна. Үүнийг шалтгаан гэж үзвэл нэг дор багцлан явуулах нь зөв мэт. Өр тавьж, эдийн засгаа өөд татах гэж дахин зовохгүй нь сайхан. Учир нь, эдийн засгийн хүч суларсан он жилүүдэд ямархуу дүр зураг харагдсаныг хэн хүнгүй мэдэж байгаа хойно. Тусгаар улс хэрнээ гадны санхүүгийн байгууллагынхнаас хараат, хэлсэн үгийг нь дагахаас өөр гарц байгаагүй. Ёстой л далласан газар нь ил гарч, далайсан газар далд орох шахам явсан. Ийм нөхцөл байдлаас зайлсхийх гарц ч байж мэдэх.
Гэвч өнгөрсөн сонгууль үнэмдэхүй ялалт байгуулсан ардын намынхан УИХ-ыг тараах асуудал дээр талцан хуваагдаж эхэллээ.
Ямартай ч хамгийн баталгаатай нэгэн асуудал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах юм. УИХ-ын дарга Г.Занданшатар танхимын гишүүддээ долоо хоногийн хугацаанд тойрогтоо ажилла, ард нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж буй эхийг олон нийтэд сурталчлан таниулах ажил хий хэмээн захирамж гаргачихсан. Түшээд ч захирамжаа өвөрлөн тус тусын тойргийн зүг тоос босгон хөдөлцгөөлөө. Үүнээс гадна санал асуулгад зарцуулах зардал, дахиад сонгуулийн зардал гаргах нь улсын төсөвт багагүй дарамт учруулах тул УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хангах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатай хамт явуулж болох эсэх талаар ярилцсан гэдгээ эрхэм дээд дарга ам алдчихсан яваа. Мөн ардын намын толгойлогч хүртэл том жижиг дарга нараа цуглуулан уулзахдаа дээрх асуудлыг хөндсөн нь талцалд хүргэсэн аж.
Арвин туршлагатай ахмадууд нь уур бухимдал болж, ийм нөхцөлд өмнөх шиг ялалт байгуулах боломжгүй гэсэн бол залуу түшээд нь ээлжит бус сонгуулийг яаралтай зарлан санал асуулгатайгаа хоршуулах ёстой хэмээн ахмад үе, залуус өөр хоорондоо харшилджээ. Энэ харшлыг МАН-ын дарга хэрхэн болгоож, харшлыг эсрэг ямар ерөндөг хэрэглэх бол. Эсвэл ерөндөг, өвчин намдаах элдэв эм тариа хэрэглэхгүйгээр асуудлыг шийдэх үү. Ямартай ч парламентад олонхийг бүрдүүлэгч гишүүд дараахь байр суурийг илэрхийлэв.
Д.Хаянхярваа гишүүн: Парламентыг хугацаанаас нь өмнө тараах тухай намын генсек болон зарим хүмүүс ярьж байгаа. УИХ-ын гишүүдтэй уулзаж гарын үсэг зуруулж байна. Олонхийн суудал авсан нам нь төрөө үймүүлэхэд оролцож байна.
УИХ-ын гишүүн,Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Ззайлшгүй шаардлага үүсэж, олон нийт УИХ-ыг тарах ёстой гэдэг асуудлыг хөндөж, ээлжит бус сонгуулийг зохион байгуулах улс төрийн шийдвэр гарсан тохиолдолд дэмжинэ.
УИХ-ын гишүүн О.Содбилэг: Монгол Улсын хөгжлийн асуудлыг шийддэг, хулгай зэлгий гэхчилэн янз бүрийн асуудалд оролцдоггүй, өндөр ёс зүйтэй бүрэлдэхүүн бий болвол зүгээр юм болов уу гэж бодож байна. Үүнийг нууж хаагаад байх явдал байхгүй. Энэ удаагийн парламент янз бүрийн асуудалтай байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэйгээ хамт хууль тогтоох байгуулага нь шинээр бүрэлдвэл зүгээр юм боловуу гэж харж байна.
Эрхэм түшээдийн зарим одоогийн байр сууриа бага ч болов хадгалж үлдэн үлдсэн хугацаандаа хууль тогтоогчоор үлдэх сонирхол байгаа нь гарцаагүй. Гэхдээ өнөөгийн парламентын нүүр царай ямар байгаа билээ гэдгийг олж харах нь зүйтэй. Магадгүй О.Содбилэг гишүүний хэлсэнчилэн шударга, элдэв асуудалд орооцолдоод байдаггүй хүмүүсээр парламентаа бүрдүүлэх арга зам зөв ч байж болох талтай. Өнөөгийн парламент оршин тогтносон цагаасаа л асуудал дагуулж ирсэн арвин баялаг түүхтэй.
Гэхдээ ард нийтийн санал асуулгатай зэрэгцсэн сонгууль явуулах эсэхийг түмэн олны гэгээн оюун ухаан мэдэх хэрэг болоод байна. Харин сонгууль явсан тохиолдолд МАН дахин олонхи болж чадах уу. Өнөөдөр нэр сүр нь унаж, шавартай хутгалдсан яваа тэд үнэмлэхүйд хүрэх боломж хэр бол.
Ардын нам гэх 100 жилийн түүхтэй улс төрийн хүчний толгойлогч үүнийг хэрхэн болгоож байгаа нь сонин. Ямартай МАН-ын хувьд маш эрсдэлтэй урьдчилсан сонгууль болж таарна. Харин эрхэм дарга маш их бардам байх шиг. Магадгүй "Бардам туулайн үлгэр" гэдэг шиг зүйл болох бий. За ямартай ч МАН-ынхан ард түмнээ л сонсъё гэнэ.