Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж эхлээд байна.
Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөг нь 16-27-ны өдрүүдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд, Шадар сайдын Ажлын алба болон бүх яам, харьяа агентлаг хуваарийн дагуу ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх юм. Өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны яам өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулсан, гадаад харилцаа хэр өргөжиж буй талаараа танилцууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотноо байрлах 16 элчин сайдын яам, олон улсын 3 байгууллага 2016-2019 онд хийсэн ажлаа тайлагнаж байна. Мөн Гадаад харилцааны яам сүүлийн гурван жилд гадаад харилцаа хэрхэн өргөжин хөгжиж байгаа мэдээлэл өгөхийн зэрэгцээ консулын газар иргэдэд бичиг баримт баталгаажуулах үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгч байгаа юм.
Гадаад харилцааны төв архивын зүгээс хэдхэн сарын өмнө Монгол Улсад Ватиканы нууцын архиваас хүлээлгэн өгсөн түүхийн үнэт зүйл болох Монголын хаад ноёдын захидлын хуулбарыг дэлгэн үзүүлж байгаа нь үзүүштэй зүйлийн нэг байсан юм. Энэ нь анх удаа дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм.
Элчин сайдын яамдууд хоёр орны найрамдалт харилцааг сурталчлахаас гадна улс үндэстнийхээ соёл, урлагийг харуулсан тоглолт, хоолын соёлыг дэлгэн харуулж байна.
Өдөрлөг 16 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд 16 цагаас хойш гадаад хэлний сургалттай сургуулийн сурагч, оюутнууд урлдагийн тоглолтоо иргэдэд толилуулах ажээ.