-Нийслэлийн лаборатори 23 дугаар дунд сургууль анхдагч болж чадлаа-
В.САРАНТУЯА
Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Өнөөдөр эцэг, эхчүүд бид хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл болон бусад хэрэглээний зүйлд санаа зовохоос хүүхдүүд минь яг ямар системээр сургалт авч байгааг сонирхдоггүй гэхэд хилсдэхгүй. Есдүгээр сарын нэгэнд хүүхэд нь сургуульд орж байвал бусад нь хамаагүй мэт. Өөрөөр хэлбэл, өнөө цагийн эцэг эхчүүд хүүхдээ сургуультай л байлгаж байвал тухайн сургууль ямар системээр хүүхдэд мэдлэг боловсрол олгож буй нь дараагийн асуудал гэсэн ойлголт хэвээр байна. Тэгвэл өнөөдөр Монголын боловсролын салбарт нэгэн өөрчлөлт аль хэдийнэ ороод иржээ. Энэ бол Мооdle систем буюу (Modular Object Dynamic Learning Environment) нь сургалт удирдлагын систем нь модульд суурилсан динамик сургалтын орчин бөгөөд интернэт, вэбэд суурилсан сургалт явуулах боломжийг хангасан онлайн сургалтын чөлөөт, нээлттэй эхийн систем юм. Энэ нь интернет бүхий комьютерээс дэлхийн хаанаас ч багш, оюутан, сурагчид хандаж болох ажээ. Энэхүү системийг сургалтын орчинд нэвтрүүлснээр маш олон давуу талтай гэдгийг мэргэжлийн багш нар ярьж байна. Тухайлбал, БСШУСЯ-ны харьяа Нийслэлийн лаборатори 23 дугаар дунд сургуулийнхан уг системийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.
Дэлхий нийт даяаршиж, техник технологийн хөгжлийн эрин зуунд амьдарч байгаа өнөө цагт ирээдүй хойч үеийнхээ боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарах нь зүй ёсны хэрэг билээ. Уг системийг дэлхийн 200 гаруй улс оронд ашигладаг бөгөөд Монгол Улсын хэмжээнд цорын ганц сургууль нэвтрүүлэн ашиглаж байгаа нь Нийслэлийн лабаратори 23 дунд сургуулийнхан юм. Уг системийг ийнхүү ашиглаж нэвтрүүлснээр сургалтын хуучин системийг халж, сурагчдын мэдлэг боловсрол дээшилж, орчин үеийн тэр дүндаа дэлхийн боловсролын салбарт хамгийн дөт алхам болно. Энэ талаар Монголын Боловсролын их сургуулийн Мэдээлэл зүйн тэнхмийн багш нар тайлбарлахдаа, “ Мэдээлэл холбоо, харилцааны технологийн хөгжил нь сургалтын арга зүй, технологийн шинэ арга замыг бий болгож байна. Өнөөгийн нийгэмд хамгийн их өөрчлөгдөж буй үйл явцын нэг бол суралцахуй юм. Суралцахуйн хувьсал нь шинээр гарч ирж буй нийгмийн болон технологийн хөгжлийн давуу тал, боломжийг сурган хүмүүжүүлэх зүйн үүднээс сургалт, боловсрол үйл ажиллагаанд хэрэглэхтэй холбогдон бий болж байна. Эдгээр хувьслын нэг жишээ бол цахим сургалт. Энэхүү сургалтын арга нь технологид тулгуурласан бөгөөд бусад салбартай адил ашиг хүлээсээр л байна. Цахим сургалт нь сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж сургалтын загвар, технологийн шийдэл, заах арга барил зэрэг олон зүйлийг шинээр туршиж, хөгжүүлэх боломж арга замыг турших, бий болгох, арга зам хэрэгсэл болсоор байна.
Энэхүү эрчимт хөгжлийн үр дүн нь ихэнх их, дээд сургуулиуд эсвэл нээлттэй эхийн сургалтын удирдлагын системүүдийг сургалтдаа аль нэгэн хэлбэрээр хэрэглэх болжээ. Сургалтын удирдлагын системүүд нь ч ерөнхий боловсролын сургууль, их сургууль бусад сургалтын байгууллагуудын шаардлагыг хангахуйц бүтцээ нэгэнт олсон. Тэдгээр системүүд нь оюутнууд болон багш нарт суралцах үйл явцыг сайжруулах, хөнгөвчлөх, удирдан зохион байгуулахад зориулсан олон тооны хэрэгсэлтэй байдаг. Сургалтын системүүд нь суралцагчдын суралцах хугацааг хязгаарлахгүйгээр давуу талтай. Тодруулж хэлбэл, суралцагчдын хэрэгцээ шаардлагыг гол болгодог учраас эдгээр системүүдийн гол шийдэл нь суралцах арга замыг хэрхэн сонирхолтой, эргэх холбоотой болгох талаас нь илүү анхаарсан” гэж байв. Тиймээс технологийн шийдэлд суурилсан энэ системийг Ерөнхий боловсролын сургуулиуд суурилуулж сургалтын орчиндоо хэрэглэснээр сурагчид хоцрогдолгүй болох, багш нар дэвтэр засдаг цагийн гарзтай ажлаасаа бүрмөсөн ангижрах, дэлхийн бусад орнуудын сургалтын орчинг илүүтэй мэдрэх гэсэн олон талын давуу талтай юм. Тиймээс энэ системийг зөвхөн нэг сургууль бус, нийтээрээ нэвтрүүлж ашиглаж чадвал боловсролын хөгжилд ихээхэн хувь нэмэр болох нь ээ. Боловсролын салбарт өөрийн мэдлэг боловсролоо дайчлан ажиллаж байгаа дунд сургуулийн нэг захирал дэлхийн хэмжээний боловсролын системийг Монголдоо нэвтрүүлэхээр зориг шулуудан ийнхүү ажиллаж буйг салбарынхан нь анхааралдаа авахад илүүдэхгүй биз ээ.