Монгол улс бол гадаад оронд суугаа Элчин сайдууд болон дипломат ажилтнуудыг томилж, эгүүлэн татах тусгай хууль дүрэмтэй. Монголын ГХЯ нь энэ хуулийг сахин мөрдөх ёстой төрийн байгууллага боловч эсрэгээр нь уг хуулийг уландаа гишгэдэг газар болчихоод байгаа. Элчин сайдуудын томилгоонд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд хошуу дүрж, таалсан нэгнийгээ ногоон гэрлээр томилж явуулдагийг АНУ, Бельгид суух элчин сайдуудын томилгоо тод харуулсан. Энэ мэтийн явдлын бид дийлж барахгүй, “томчуудын хэрэг” хэмээн үглээд суухаас цаашгүй болжээ. Харин гадаадад суугаа Монголын Элчин сайдын яаманд ажиллах дипломат ажилтнуудын томилгоо нь бантан болсон жишээ нэгийг дурдья. 2017 оны 6 сард Токио дахь Монголын ЭСЯ-нд эдийн засгийн зөвлөхөөр У. Өлзийбаяр гэх эмэгтэй томилогдож, Гадаад яамны мэргэшсэн дипломатуудыг нүдийг бүлтийлгэж байжээ. У. Өлзийням нь 1996 оноос Японд улсад амьдарч, караокэ баар ажиллуулахаас авхуулаад япончуудад монгол хэл заах, ХАҮТ-ын Японы төлөөлөгчөөр ажиллах зэргээр ажил амьдралаа залгуулж явсан нэгэн. 25 гаруй жил Японд амьдарч, улмаар Японы цагаачлах эрх авсан эмэгтэй. Гадаадад удаан хугацаагаар оршин сууж байсан У. Өлзийням “сраз генерал” гэхийн үлгэрээр төрийн болон дипломат албаны ямар ч шалгуур болзол хангаагүй байж сраз Токиогийн ЭСЯ-нд эдийн засгийн зөвлөхөөр томилогдсон. Гэвч болоогүй ээ, тэрээр 2021 оны 7 сарын 1-ний өдрөөр томилолтын 4 жилээ дуусгаад Токио дахь ЭСЯ-наас явсан ч тун удахгүй эргэж ирэхээр дахин томилгоо авчээ. 4 жилийн томилгооны хугацаа дуусаад хагас жил ч өнгөрөөгүй байхад дахин 4 жилээр Токио дахь Монголын ЭСЯ-нд зөвлөхөөр айсуй. Төрийн албаны хууль, Дипломат албаны хуулиудын тодорхой заалтуудыг зөрчин барьж, дипломат ажилтныг 4+4= 8 жил дараалж алгасалгүй томилсон түүх Монголын Гадаад яаманд байгаагүй гэнэ. Хамгийн хачирхалтай нь Токио дахь ЭСЯ-нд энэ эмэгтэйг ажиллуулах төсөв мөнгө байхгүй боловч, У. Өлзийням шинээр төсөв нэмж батлуулж ирж буй, маш том “мотортой” юм байх. Энэ томилгоо нь, нэг бол Гадаад яам боловсон хүчний гачаалд орсоныг, нэг бол Гадаад яамны дипломат ажилтаны томилгоо дампуурсаныг илтгэнэ. Гадаад яамны чадварлаг, мэргэшсэн дипломатуудын басаж, элэглэж байгаадаа Гадаад яамны удирдлагууд дүгнэлт хийх цаг болжээ. Төрийн албаны томилгоо гээч бусармаг ажиллагаа нь гадаадад дипломатуудыг томилох ажиллагаагаар үргэлжилж байна!!
Дипломат албанд албан хаагчийг байршуулахад дараах зарчим, үе шатыг баримтална:
• Дипломат албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай Дипломат албанд анх орох иргэдээс авах мэргэшлийн шалгалтын зар болон товын хамт нийтэд зарлан мэдээлнэ.
• Дипломат албанд анх орох иргэдээс авах мэргэшлийн шалгалтанд тэнцсэн нэр дэвшигчийг онооны дэс дарааллаар дипломат албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтанд бүртгэнэ. • Ажиллаж буй дипломат албан хаагч болон дипломат албаны нөөцөд бүртгэгдсэн иргэдийн судалгааг ГХЯ-ны хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж, албан тушаалтан хөтөлнө.
• Дипломат албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Яамны дипломат ажилтнаас нөхөх боломжгүй бол дипломат албанд анх орох иргэдээс авах мэргэшлийн шалгалтаар нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавигдах онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авна.
• Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Дипломат албанд анх орох иргэдээс авах мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг атташегийн албан тушаалд нэг жил хүртэлх хугацаагаар туршилтын журмаар авч ажиллуулна. Дээрх хугацаанд тухайн иргэнийг ёслолын алба, төрийн захиргаа болон консулын газарт 3-4 сарын хугацаанд сэлгүүлэн ажиллуулна.
• Дипломат албанд анх орох иргэдээс авах мэргэшлийн шалгалтад тэнцээгүй, дипломат албаны нөөцөд ороогүй иргэнийг төрийн захиргааны, эсвэл төрийн үйлчилгээний ангиллаар авч ажиллуулан, дипломат албан тушаалыг орлуулан гүйцэтгүүлэхгүй.