“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нэг их наяд төгрөгийн тендерийн шалгаруулалтыг хууль зөрчин хийсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд болоод зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн.
Тэгвэл энэ талаар Б.Ганхуяг өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл хийжээ. Тодруулбал, “Арай эрт яарч хийсэн дүгнэлт байна. Наад тендер чинь дуусаагүй. Хэн ч гэрээ байгуулаагүй байгаа шүү. Хуулийн хугацаандаа хянагдаж байна. Ер нь хятадууд хэзээнээсээ монголчуудыг хооронд нь хэрэлдүүлж, яс хаяж алалцуулж байсан түүхийн нэг хэсэг нь энэ. Хоёр хятад компани нөгөөхөө унагахын тулд мөнгөнд дуртай, худалдагдах боломжтой хүмүүст төлбөр төлж, харлуулж байгаа ажил. Монгол бол тусгаар улс. Өөрийн гэсэн хуультай. Хуульд аливаа тендерт оролцогчдын тухайн үед ирүүлсэн материалыг үнэлдэг. Хэрэв олон улсын тендер бол тухайн оролцогч компанийнх нь харъяалах улсын төрийн албан ёсны бүртгэлийн байгууллагын баталгааг үндэслэж шийдвэр гаргадаг. Түүнээс биш “Интернэт хөгжсөн” гээд сайтын мэдээллийг “Албан ёсных” гэж аваад шийдвэр гаргах үндэслэл хуульд байхгүй” хэмээн эрс няцаажээ.