Монгол Улсын Гадаад харилцааны яаманд салхи оруулах цаг нэгэнт болжээ. Хотын А зэрэглэлийн төвд чив чимээгүй дүнсийх энэ байшинд Монгол төрийн гадаад бодлого боловсруулагдан гардаг юм. Энгийн иргэд үүдээр нь орж гарахдаа ихэд хүндэтгэлтэй ханддаг билээ. Учир нь энд монгол төрийн алтан аргамжит хар хайрцагны бодлогод хамаарах үйлс хэрэг үргэлжилдэг учраас тэр юм. Эгэл жирийн иргэдэд ийм итгэл төрүүлдэг энэ байшинд Монгол Улсын гадаад бодлогыг боловсруулагчид өнөөдөр улсынхаа нэрийг шороотой хутган сууж байна.
Гадаад харилцааны салбар гэдэг бол хэн нэгэн улстөрчдийн гарын үзүүрээр шийдэгдэх асуудал огтхон ч биш бөгөөд энэ салбарт зөвхөн мэргэжлийнхэн, мэргэшсэн дипломат албаныхан ажиллах учиртай билээ. Тэгвэл бодит байдал бидний бодсоноос тэс өөрөөр явагддаг буюу чухам энд төрийн алба төрлийн алба болоод уджээ. Ялангуяа улс эх орныг гадаад ертөнцөд төлөөлөх үүрэгтэй дипломат томилгоо Элчин сайдаасаа авахуулаад жолооч хүртлээ зөвхөн танил тал, амраг садан эсвэл авилгаар томилогддог жишиг тогтжээ. Энэ бүхнийг баримт түшиглэн өгүүлье.
Улстөрчдийн “тавганд” хуваагдсан дипломат томилгооны тойрог
Өнөөдрийн байдлаар Монгол Улсаа гадаадад төлөөлж суух Элчин сайд нарын томилгооны хугацаа хэдийнэ дуусаад байгаа аж. Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Н.Энхтайван 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр “ энэ ондоо багтааж 20 гаруй Элчин сайдыг томилох асуудлыг УИХ-д оруулна” хэмээн мэдэгдэж байв. Үүний дараахан тэрбээр ажлаа хүлээлгэн өгч, түүний ажлыг одоогийн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүлээн авсан. Ингэснээр өмнө нь Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж сайд Б.Батцэцэгт томилгооны эрх шууд шилжсэн гэсэн үг. Салбарт чамгүй олон жил ажилласан туршлагатай, эмэгтэй сайд очсоноос хойших дипломат томилгоог сонирхъё.
Яг өнөөдрийн байдлаар таван улс Элчин сайдгүй байна. Тодруулбал, Хойд Солонгос, Чех, Франц, Киргиз, Беларус улсад Элчин сайд байхгүй, 15 оронд суугаа Элчин сайд нарын хугацаа их бага хэмжээгээр дууссан буюу 5-6 дах жил рүүгээ орж байгаа аж. Хугацаа нь дууссан Элчин сайд нарын нэгт Ерөнхийлөгчийн хүргэн дүү болох Сингапур улсад суугаа Элчин сайд Т.Лхагвадорж багтдаг байна. Эндээс Элчин сайд нарын томилгоо яагаад ийм удаан хугацаанд гацаанд ордог вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ.
Наад утгаараа Засаг солигдоод гэдэг боловч цаад утгаараа улс төрийн хүрээнийхэн тохиролцоонд хүрч чадахгүйгээс энэхүү назгай байдал үүсдэг байна. Өөрөөр хэлбэл, дипломат томилгоо улстөрчдийн “тавганд” ёс мэт хуваагддаг бөгөөд энэхүү “хоолны” хуваарилалтад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс авахуулаад УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нь хүртэл оролцдог аж. Энэ удаагийн томилгоо ч энэ жишгээр хийгдсэн бөгөөд томилгооны албан бус хуваарилалт аль хэдийнэ хийгдчихээд байна. Тухайлбал, хамгийн сүүлд УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Австрали улсад суух Консулын зөвлөхөөр, Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Б.Баярсайханыг Япон улсад суух Элчин зөвлөхөөр томилоод байгаа аж. Түүнчлэн олон нийтэд мэдэгдэж байгаа Элчин сайд нарын томилгооноос дурдвал, Чех улсад суух Элчин сайдаар Д.Гансүх, Франц улсад суух Элчин сайдаар Шадар сайдаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин, Б.Болормаа нарын аль нэг нь, Унгар улсад суух Элчин сайдаар Б.Мандахбилэгийг, Ардчилсан Солонгос улсад суух Элчин сайдаар М.Ганболд, Итали улсад суух Элчин сайдаар Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан, одоогийн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Энэтхэг улсад суух Элчин сайдаар Ч.Бүрэнбаярыг, Киргиз улсад суух Элчин сайдаар Ч.Баттөмөр, Беларусь улсад суух Элчин сайдаар Б.Баярсайханыг, Арабын нэгдсэн Эмират улсад суух Элчин сайдаар Д.Ганболд нарыг тус тус томилохоор хүлээгдэж байгаа юм. Элчин сайд нар ардаа бүгд “эзэнтэй”. Эзэд нь ч ил гараад үздэг. Тухайлбал дээр нэр нь дурдагдсан Элчин сайд нарын дотор Ерөнхийлөгчийн харьяаллын гурван хүн, УИХ-ын даргын дөрвөн хүн, Ерөнхий сайдын хүн, Сайд нарын хүн гэх мэт бүгд ардаа эзэн, захиалагчтай. Элчингийн томилгооны хэсэгт ихэвчлэн томчууд хамаарах бөгөөд ямар нэгэн эзэнгүй бол томилолт өвөртлөхгүй гэсэн үг. Гадаад харилцааны салбарт 10-20 жил ажилласан, туршлагатай, гурваас дөрвөн хэл эзэмшсэн мэргэжлийн дипломатууд энэ багцад хамаарахгүй. Зөвхөн улс төрчдийн зараалд хөдөлмөрөө зориулдаг цүнх баригчид, тэдний ах дүү, амраг садан гэх мэт сүлжээнийхэнд томилгоо хамааралтай.
Сайд бэртэй, бөх ахтай консулын ажилтан
Баримт дурдъя.Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн нөхрийн дүү болох Э.Ганчимэг гэж эмэгтэй бий. Тэрбээр Гадаад харилцааны төв архивын ажилтнаар ажиллаж байгаад одоо Хөх хот дахь Ерөнхий консулын газарт консулын техник ажилтнаар 2019 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж буй. Өмнө нь “ Мөнхийн үсэг” компанид ажиллаж байгаад Гадаад харилцааны яаманд архивын ажилтнаар орсон түүнийг бэр эгч Б.Батцэцэг нь Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байхдаа “зохицуулсан” гэдэг . Энэ тухай яамны бүх алба хаагчид мэддэг ч мэдээгүй мэт царайлна. Хэн ч амин зуулгаа залгуулдаг ажил албанаасаа салахыг хүсдэггүй учраас энэ мэт хууль бус, бусармаг томилгооны хажуугаар нүдэн балай, чихэн дүлий өнгөрдөг биз ээ.
Хөххотын томилгооны паян ингээд дуусахгүй
- УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Баатарчулуун Хөх хотод Дэд консулаар ажилладаг. Хөх хотод монгол иргэдийн асуудал маш ихээр гардаг бөгөөд Ж.Баатарчулуун дэд консул эхнэрийнхээ хамт визний наймаанд ч холбогдоод авсан. Болоогүй тэтгэвэрт суух нас нь хэдийнэ болсон гэж байгаа. Гэвч хачирхалтай нь өнөөдрийг хүртэл энэ хүнийг эргүүлэн татаагүйгээр үл барам ямар ч арга хэмжээ аваагүй.
- Хөх хотын Ерөнхий консул С.Батхуяг. УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүн. Тэрбээр өмнө нь Эрээнд консулын даргаар ажиллаж байхдаа визний наймаанд холбогдож явсан. Манжуурын консулын нэр дээр БензG-500 оруулж ирж зарсан хэрэг ч байдаг. С.Батхуягийн төрсөн охин нь Шанхайд амьдардаг бөгөөд хятад нөхөртэй. Ерөнхий консулын бизнесийн “алтан” хамтрагч Ч.Рэнцэн нь мөн л цэвэр хятад цустай хүн аж. Бээжин дэх Улаанбаатар хотын төлөөлөгчөөр ажиллаж байсан Ч.Рэнцэнг Сү.Батболдын туслахаар ажиллаж байсан Нийслэлийн орлогч дарга асан О.Мөнгөншагай хөөцөлдөж томилуулсан гэдэг. Ч.Рэнцэн нь Ерөнхий консул С. Батхуяг нар нь Ашигт малтмалын газрын өөдөөс харсан барилгыг барьсан бизнесийн хамтрагчид төдийгүй улс төрийн тогоонд ч ганзага дөрөө харшуулж иржээ. Ингэхдээ дипломат албыг урдаа барьдаг нь тодорхой. Эдний багт өдгөө Хөх хотод Консулаар ажиллаж байгаа Б. Гантулга ч багтдаг гэдэг.
- Хөх хотын Ерөнхий консулын газар зургаан хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг. Үүнд, Ерөнхий консул С.Батхуяг, Консул С.Гантулга, Дэд консул Ж.Баатарчулуун, Консулын техникийн ажилтан Э.Ганчимэг, Консулын техникийн ажилтан Ж.Батчимэг, Аж ахуй эрхлэгч-жолооч Г.Дүгэр нар багтдаг. Эдэн дунд мэргэжлийн дипломатч байхгүй. Үгүй ядахдаа синхрон орчуулга хийх чадвартай мэргэжилтэн ч байдаггүй байна. Угтаа Элчин сайд, консулаасаа авахуулаад жолооч, техникч хүртлээ мэргэжлийн, мэргэшсэн байх ёстой дипломат алба билээ. Харамсалтай нь үндсэн шалгуурт тэнцэх нэгийн зэрэг хүнгүй. Энэ дүүрч гэхэд Ерөнхий консул нь төрийн албан хаагчийн наад захын ёс зүйг хангадаггүйгээр барахгүй дипломат албаар халхавч хийн амин хувийн бизнесээ “бужигнуулдаг” байтлаа хууль бус наймаанд хүртэл оролцдог байж болох уу‼
Монгол төрийн алтан аргамжны бодлого, монгол төрийн өндөр босго хаана байна вэ Б.Батцэцэг сайд аа! Магад та (зүй бусаар томилогдсон) хадам дүүгийнхээ өмнөөс энэ бүхний дэргэдүүр мэдсэн ч мэдээгүй мэт, харсан ч хараагүй мэт өнгөрдөг үү? Эсвэл нэр бүхий том улстөрчдийн даалгавар, захиас бүхий томилгоонууд учраас бүлх залгисан мэт сууна уу? Асуултад албан ёсоор хариулна гэж найдаж байна.
Жич: Дараагийн цувралаар бид Гадаад харилцааны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын хууль бус томилгооны талаар баримтаар өгүүлэх болно.
Үргэлжлэл бий...
2020 оны гуравдугаар сарын 29-ний өдөр. Сэтгүүлч Д.Оргил