Өнөөдөр төрийн өндөр албан тушаалыг хэн хашиж байна вэ. Шулуухан хэлэхэд намын угшилтай, мэргэжлийн бус, хэн нэгэн том дарга нарын татаастай, намынхаа төлөө нойр хоолгүй зүтгэсэн гэх имижтэй нөхдүүд төр зайдалж байна. Төрийн босго намхан, уурга ойрхон болж. Үүний нэг тод томруун жишээ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд багтаж Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар томилогдон ажиллаж буй Н.Уртнасан гэх эмэгтэй. Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй гэдэг боловч салбарынхан нь ч сайн таньдаггүй. Мэргэжлээрээ цөөхөн жил ажилласан бөгөөд ихэнхдээ маркетингийн чиглэлийг дагнасан юм байх. Намтрыг нь үзвээс “Eagle”, МҮОНТ-д ажиллаж байсан, “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирлын албыг хашсан гэжээ. Үнэндээ албан CV-нд нь дурдагдаагүй ч “Бэгдү констракшн” хэмээх барилгын компани, солонгос бизнесмэн эртэй хамтран амьдарч байсан түүх сайд бүсгүйн намтарт томоохон байр суурь эзэлдэг бөгөөд ухаж судалвал ихээхэн “но” гарахаар гэдэг юм билээ.
Өөрөөр хэлбэл, түүнд төрд байтугай байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ажилласан туршлага байхгүйгээр барахгүй эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд ч үзүүлсэн дорвитой амжилт байхгүй гэсэн үг. Харин харь эр дагаж хөлжсөн, нам дагаж ам тостсон гэвэл үнэнд илүү ойртох нь.
Тэрбээр МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн гэнэ. Үүнийгээ энэ намын төлөө зүтгэсэн, одоо миний сайд болох ээлж гэж үздэг бололтой юм. Үнэндээ МАН-ын боловсон хүчний бодлого намдаа бүр тодруулбал дарга нартаа өгсөн хандив мөнгөний хэмжээ, энэ тэр даргын амраг садангийн сүлбээгээр хэмжигддэг болсны бодит жишээ энэ юм. Үр дүнд нь төрийн өндөр алба мэргэжлийн бусчуудаар дүүрч, зуд нүүрлээд удаж байна. Энэ талаар олон нийт хангалттай хэлж сануулдаг ч эрх баригчид энэ тухай сонсохыг ч хүсдэггүй. Харин хэвлэлээр гараад ирэнгүүт нь “чи тэр хэвлэл мэвлэлтэйгээ ойртож ажиллаарай” гэсэн лүндэн буулгадаг юм гэсэн.
Хэвлэл хэн нэгэн дарга сайд нарын булхай, бурангуй дээрэнгүй үйлдлийг хаацайлах хэрэгсэл биш чухамдаа иргэдийн мэдэх эрхийг хангах, шударга бустай тэмцэх оноогдсон үүрэгтэй бие даасан институци гэдгийг эрх баригчид ойлговол таарна. Товчхондоо иргэд, хэвлэл хоёр нэг завин дээр сууж эрх баригчдын хууль бус үйлдлийг шүүмжлэх ёстой юм.
Ингэхэд иргэд юу хүсдэг вэ?
Маш энгийн. Мэргэжлийн салбарт мэргэшсэн боловсон хүчин томилохыг, тэрхүү томилгооны үр дүнд төрийн ажил сайжрахыг энэ нь жирийн иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлдэг зөв жишиг тогтоосой гэж хүсдэг. Харамсалтай нь Н.Уртнасан мэтийн улс төрийн тавиул сайд нарын стандарт бус томилгоо монгол төрийг тамирдуулж, жирийн иргэдийн төрд итгэх итгэлийг үгүй хийсээр байна.
За яахав, мэргэжлийн бус байж болно, төрийн албаны туршлагагүй байж болно, үгүй ядахдаа хичээл зүтгэлтэй, ёс зүйтэй байвал асуудал бас өөрөөр яригдаж болно. Гэтэл Н.Уртнасан сайд ажлаа авснаасаа хойш сайнаар биш саараар танигдаж, салбарынхныхаа уур унтууг хүргэхээс өөр дорвитой юм хийсэнгүй. Олон улсын ойн өдөр улс орон даяар зарласан цахим хуралд оролцогсод салбарынхаа “салхилж яваад” зөөлөн суудлаар “шагнуулчихсан” сайдыгаа 30 минут хүлээгээд, гэгээн дүрийг нь харж чадаагүй гэх.
Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй хоёр удаа уулзаж, өрх бүрийг моджуулах аяны санаачилгыг НҮБ-аар дэмжүүлэхээр болсон гэсэн албан мэдээнээс өөр гавьтай ажил харагдсангүй. Цөлжиж дуусахын даваан дээр байгаа эх орноо ойжуулах нөр их ажил биднийг хүлээж буй. Нөгөө талаар ирээдүйд энэ улсыг тэжээх ёстой аялал жуулчлалын салбарт зөв бодлого хэрэгтэй байгаа. Гэвч энэ мэт тавиулууд, хэн нэгний “утсан хүүхэлдэй”-үүдэд чухал салбарынхаа жолоог атгуулаад байвал давхих битгий хэл шогших ч шинж алга.