Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээлэл буюу иргэдийн хэлдгээр “ХАР ЖАГСААЛТ”-тай холбоотой асуудлаар Монгол банкны гадаа мэдээлэл хийлээ.
Монголын Залуучуудын Холбооноос 2021 оны 03-р сарын 04 нд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд албан бичиг илгээж Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээлэлтэй холбоотой асуудлаар уулзах цаг товлож өгөхийг хүссэн албан бичгийн хариуг өгөлгүй удсан учраас 2021 оны 03-р сарын 11 нд дахин албан бичиг илгээж 03-р сарын 12 ны дотор хариу өгөхийг хүссэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй тул өнөөдөр Монголбанкны гадна хэвлэлийн бага хурал зарлалаа. МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болоод тус банкны удирдлагууд залуучуудаа үл тоож, хүнд суртал гаргаж байгаад харамсч байна, залуучууд улсаас мөнгө гуйгаагүй, зээлээ тэглэж өгөөч гээгүй, гэмт хэрэг хийгээгүй. Зээлийн төлөлтөө хугацаа хэтрүүлж төлсөн боловч үүнээс болж зээл олгосон банк, санхүүгийн байгууллага хохироогүй, тэд үндсэн төлбөрөө хүүтэй нь авч байгаа. Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээлэл 6 жил хадгалагддаг нь зээл аваад төлбөрөө төлсөн, төлж байгаа залуусыг хохироож ирээдүйн боломжуудыг нь хаасаар байна. МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа тэтгэх 10 их наядын цогц хөтөлбөр”-т багтсан иргэдэд олгох жилийн 3 хувийн хүүтэй, 50 сая төгрөг хүртэлх зээлээс Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн сөрөг мэдээлэлтэй залуус авч чадахааргүй байгаа тул нэг удаа залуучууддаа итгэл үзүүлж боломж олгохыг хүслээ. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг энэ асуудлаар ширээний ард сууж шийдэл хэлэлцэнэ гэж найдаж байгаагаа хэлсэн бөгөөд хэрэв залуучуудаа үл тоосоор байвал шат дараалсан арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлэх бөгөөд асуудлыг тэр хүртэл хүндрүүлэхгүй байхыг хүслээ.